Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дуусчээ
Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дуусчээ.
1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг 2021 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэх технологийн карт боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарсан нь Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд түүхэн үйл явдал болсон юм.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ажиллагаа өндөрлөж, татан гаргасан машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ёслол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, генерал, офицер, ахлагч, алба хаагчид, эрдэмтэн, судлаач, инженерүүд болон хамтран ажилласан орон нутгийн удирдлага, иргэдэд талархал илэрхийллээ.