Хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний амь нас хохироосон этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
“Ч” гэгч эрэгтэй нь талийгаачтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоосон аж.
Сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.