Хууль бусаар худалдаалагдсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн авлаа
Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ удаа зургаан төрлийн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музей өчигдөр хүлээн авчээ.
Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар ирсэн.
Дээрх олдворуудыг Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт түр хадгалж, цаашид ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, музейн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулах юм.