Монгол Улс хоёр хөрштэйгөө төмөр замын ачаа, зорчигч тээвэрлэлтийн асуудлаар хэлэлцэнэ
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 6-7-нд цахимаар зохион байгуулагдах аж. Сүүлийн жилүүдэд Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, мөн Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ эрс өсөн нэмэгдэж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр төмөр замын хилийн гарцуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах, Тухайлбал: хилийн Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар хоногт 14 галт тэрэг солилцдог байсан бол 20 хүртэл болгох, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэн тогтмол аялуулах зэрэг болон бусад техникийн асуудлуудын талаар Хятадын талтай зөвлөлдөнө. Ингэснээр экспорт болон Монгол улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Монгол Улсын экспорт, импортын ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр зам нь 2022 онд нарийн царигийн хоёрдогч замыг барьж ашиглалтад өгсөн. Хятадын талтай тус замыг холбосноор өмнө нь хоногт импортын зургаан галт тэрэг хүлээн авдаг байсан бол 8-10 хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Энэхүү асуудлын талаар мөн зөвлөлдөх юм. Мөн Сүхбаатар-Наушкийн хилийн гарцаар импортын болон дамжин өнгөрөх 10 галт тэрэг хүлээн авдаг байсан бол 14 хүртэл галт тэрэг хүлээн авах боломжийн талаар Оросын талтай хэлэлцэнэ.