Хурд хэмжигч, камер, 00 ч байхгүй замаас сардаа 12-15 тэрбум төгрөгийг тээвэрчдийн халааснаас авч байна
Авто зам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж Тээвэрчдийн гэргий нарын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо нь Гашуунсухайтын тээвэрчид, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм байна.
Холбооны тэргүүн Ж.Туул "Гашуунсухайтын авто замыг хувийн хэвшил бариад улсад өгчихсөн. Улс нь аваад мөнгө олох хэрэгслээ болгочихсон. Гашуунсухайт авто зам компани зам засах мөнгө байхгүй гэсэн асуудлыг одоог хүртэл ярьдаг. Зам засагдсан гэж ярьдаг ч бодит байдал дээрээ засагдаагүй байна. Нүүрсний экспортын 80 хувийг авч явдаг авто зам дээр 20,000 тээвэрчин байна. 10 жилийн өмнө байсан эрсдэл байсаар л байна" гэв.
Иймд тус холбооноос Зам, тээврийн сайд С.Бямбацогтод Гашуунсухайтын зам дээр зам арчлалтын байнгын багийг ажиллуулан, дүгнэлт гаргаж арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм байна.
Мөн Гашуунсухайтын авто замын засвар арчлалтыг тогтмолжуулж, чанаржуулах хэрэгтэй байна. Учир нь халтираад өнхөрчихсөн, хагархайгаа тойрч байгаад уначихсан дүр зургууд хэвээрээ байна. Энд нэг хүн биш бүтэн гэр бүл хохирч байдаг гэдгийг онцлов.Тус холбооны гишүүн Б.Жавзансүрэн "Тээвэрчдээс дунджаар 500 орчим мянган төгрөг авдаг. Өдөрт 1,000 машин тус замаар гарч өнгөрөхөд 500 сая төгрөг болж байна. Сарын хугацаанд хамгийн багадаа 12-15 тэрбум төгрөгийг тээвэрчдийн халааснаас авч байна. Тэр зам шил толь шиг зам байх ёстой биз дээ. Гэтэл хурд хэмжигч, камер, 00 ч байхгүй байна.
20,000 залуугийн цаана 100,000 орчим хүний аж амьдрал явж байна. Гэтэл тэр их мөнгийг хүүлж авчхаад ажлаа хийхгүй байгаа хэдэн дарга нар байна" гэв.