Хоригдол М гаднаа ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байсан
Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 425-р нээлттэй хорих ангид тавдугаар сарын 22-23-нд шилжих шөнө ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үедээ /2023.05.23/ уулзалтын өрөөнд нас барсан байжээ.
Иймд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй бөгөөд дээрх хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу ойр дотныхон, хамаатан садантайгаа удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрх нь нээлттэй байдаг. Энэ хууль журмынхаа дагуу тухайн хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан /гэрийн зохион байгуулалттай/ зориулалтын уулзалтын өрөөнд байсан.
Удаан хугацааны уулзалт нь гэр бүлийнхэнтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байх эрхтэй байдаг. Энэ нь тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн зүйл юм. Тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон камерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй байдаг. Энэ нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа хүний хувийн нууцад хамаардаг юм.
Юутай ч холбогдох албаныхан энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад тодорхой болох биз ээ.