Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 93 насандаа тав дахь хуримаа хийлээ
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мердок энэ жил 93 настай.
Тэрээр 67 настай сүйт бүсгүй Оросын молекул биологич Елена Жуковатай Калифорни дахь өөрийн эзэмшлийн Морага нэртэй усан үзмийн тансаг тариалангийн талбайд хуримаа өчигдөр хийсэн байна. Мердокийн мэдэлд байдаг Британийн The Sun сэтгүүлд тэдний хуримын зураг нийтлэгджээ. Сүйт бүсгүй урт ханцуйтай цагаан өнгийн даруухан даашинз өмссөн бол хэвлэлийн магнат тэрбумтан Мердок шар өнгийн зангиагаар гангарсан байна.
Мердок өнгөрсөн жилийн эхэнд 67 настай радиогийн хөтлөгч Энн Лесли Смиттэй сүй тавьснаа зарлаж шуугиан тарьж байсан. Гэвч ердөө хоёр долоо хоногийн дараа сүйгээ цуцалснаа зарласан нь бүр ч их анхаарал татаж байсан юм. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Жуковатай болзож байгаа гэдгээ мэдээлжээ. Мердок, Жукова нар Мердокийн гурав дахь эхнэр байсан Венди Денгийн зохион байгуулсан гэр бүлийн томоохон уулзалтан дээр анх танилцсан байна. Руперт Мердок Венди Денг нар 2013 онд гэр бүлээ цуцлуулах хүртлээ 14 жилийн турш хамт амьдарсан.
Мердокийн тав дахь эхнэр Жуковагийн охин Даша нь Орост төрсөн Америкийн урлагийн бүтээлийн цуглуулагч, хандивлагч юм. Даша Жукова Прьемер лигийн Челси клубын эзэн байсан, Оросын олигархуудын нэг Роман Абрамовичийн гэргий байсан билээ.
Мердок өмнөх буюу дөрөв дэх эхнэр болох жүжигчин загвар өмсөгч 67 настай Жерри Холлоос 2022 онд салжээ. Тэрбумтан Мердок дэлхийн хэвлэл мэдээллийн зах зээл дээрх 70 жилийн карьераа өнгөрөгч есдүгээр сард дуусгаж Фокс болон Ньюс Корпын захирлын ажлаас бууснаа мэдэгдсэн юм. Түүний залгамж халааг хүү Лаклан Мердок нь өвлөж авчээ. Австралид төрсөн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч 93 настай эрхмийн нийт хөрөнгийн хэмжээ 2024 оны байдлаар 19,9 тэрбум ам.доллараар тооцогддог.