АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг анхны монгол сонсогч Э.Гансүх амжилттай төгсчээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээ болж, Монгол Улсын анхны төгсөгч, сонсогч Сайнбуянгийн Санаасайн төгсжээ. Анхны монгол сонсогч төгссөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцсон байна.
Төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин нээж, Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Карлос Дел Торо, Тэнгисийн цэргийн академийн захирал дэд адмирал Иветт Дэвидс нар баяр хүргэж, амжилт хүсэв. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн ажиллагааны дарга бөгөөд Тэнгисийн цэргийн командлагч Адмирал Лиза Франчитта, Тэнгисийн явган цэргийн коммендант генерал Эрик Смит нар оролцож, амжилт хүсэв. Адмирал Лиза Франчитта нь АНУ-н түүхэн дэх төрлийн цэргийн анхны эмэгтэй командлагч бол Тэнгисийн цэргийн академийн захирал дэд адмирал Иветт Дэвидс нь Тэнгисийн хүчний стратегийн цохилтын бүлгийн анхны эмэгтэй командлагч болон төрлийн цэргийн сургуулийн анхны эмэгтэй захирал ажээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 2024 оны төгсөлтөөр 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогчид, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгсжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн академи нь 1845 онд байгуулагдсан бөгөөд тус улсын төрлийн цэргийн хамгийн анхны академи юм.