Хэт халууны улмаас Филиппин улсад сургууль, цэцэрлэг хаагдлаа
Экватортой ойр орших бүс нутгуудад хэт халалт аль хэдийн аюулын харанга дэлдэж эхэлсэн байна. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн Филиппин улс аминд халтай хэт халууны улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хааж, энэ долоо хоногийн дунд хүртэл онлайнаар хичээл нөхөж орохоор болсныг Филиппиний боловсролын яам мэдэгдсэн байна.
Филиппинд хэт халсны улмаас сургуулийн орчинд сурагч болон багш нар ухаан алдах, цусны даралт ихсэх тохиолдлууд гарчээ. Энэ долоо хоногийн хагас хүртэл Филиппинд агаарын хэм цельсийн 37 градус хүрч халах төлөвтэй байна.
Халуун чийглэг энэ оронд агааржуулалт муутай сургууль анги танхим олон байдаг. Мөн нэг ангид хэт олон хүүхэд төвлөрөн хичээллэх нь элбэг. Филиппинд агаарын температур 37 хүрч байгаа ч агаарын чийгшилтэй нийлээд хүнд мэдрэгдэж байгаа нь 45 градус байна гэдгийг тус улсын цаг уур орчны шинжилгээний агентлаг тайлбарлаж байна. Тиймээс сурагч, багш нарын эрүүл мэндэд ноцтой аюул учирч байна гэж үзсэний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл хэт халалт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаагаас гадна эрчим хүчний хангамжид сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Филиппиний Лузон арал буюу нийслэл Манила хот байршдаг хамгийн том арал цахилгаан эрчим хүчний нэн хямралт нөхцөл байдалд ороод байгаа юм. Филиппиний эдийн засгийн 75 орчим хувь нь төвлөрдөг, эдийн засаг, дэд бүтцийн энэ том арал дээрх 13 цахилгаан станцын үйл ажиллагаа энэ сарын эхээр доголдож унтарсан байна.
Тэгвэл Филиппин улстай нэг бүсэд хамаардаг Тайланд улсын нийслэл Бангкок хот болоод нутгийн төв, хойд хэсгээр агаарын температур 40 хүрч халах төлөвтэй байгааг Тайландын ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.