Харри, Меган нарыг хоёр цаг дагасан папараццичдаас болж тэд осолдохоо шахав
Нью-Йорк хотноо папараццичид ханхүү Харри болон түүний эхнэр Меган Меркал нарын араас хоёр цаг хөөцөлдөж, үүний улмаас хэд хэдэн ноцтой зам тээврийн осол гарах дөхсөн гэж ханхүүгийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэнийг АВС дамжуулжээ. Түүний хэлснээр Харри болон Меган нарын суусан машиныг "цонхондоо хар хальс наасан зургаан машин" хоёр цагийн турш дагаж, хөөсөн гэнэ. Тэр үед ханхүү, түүний эхнэрийн хамт Меганы ээж Дория Регланд машинд байжээ. Дээрх үйл явдал тавдугаар сарын 16-ны үдэш Women of Vision шагнал гардуулах ёслолын дараа болсон байна. ВВС агентлагийн мэдээлснээр, Меган Маркл энэ ёслолын арга хэмжээнд оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал гарджээ. Үүний дараа олон папараццичин тэднийг дагаж эхэлсэн аж. Скай Ньюс агентлагийн мэдээлснээр, Харри, Меган нарын дагаж байсан папараццид замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, нэг жолооч нь жолоо барьж байхдаа утсаар ярьж байсан бол нөгөө нь машин барьж байх үедээ зураг дарахыг оролдож. Тэд ийнхүү хөөцөлдөж байхдаа өөр машинууд, явган зорчигч болон Нью-Йоркийн цагдаагийн хоёр офицерийг мөргөх дөхжээ. Энэ явдлын дараа Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс мэдэгдэл гаргаж, цагдаагийнхан Харри, Меган нарыг дагалдаж байсан хамгаалалтын албаныханд тусламж үзүүлснээ онцолсон байна.