"Хархорум" олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног толилуулна
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэх юм.
Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулах юм.
Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 22 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна. Үүнд, Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын шагналт тэр дундаа Оскарын шагналт найруулагчын шилдэг уран бүтээл багтаж буй билээ.
Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана.
Мөн олон улсын зочдоор найруулагч Чунг Жи Яан, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох юм.
Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэж буй аж.
“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг үнэ төлбөргүй толилуулахаар төлөвлөжээ.