Хар тамхины хэрэгт холбогдсон Артист “Морнингстар”-ын хорих ялыг хэвээр үлдээлээ
Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад холбогдох мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэргийн давж заалдах шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд нэг жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр болсон юм. Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч “Нарны хороолол” дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан.
Түүний өмгөөлөгч уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, явцуу хүрээнд зорчих эрхийн хязгаарыг тогтоосон нь сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна” хэмээн давж заалдах гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг гомдлыг 2023 оны аравдугаар сарын 10-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм.
Ингэснээр тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 10 хэлэлцээд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид нэг жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр болсон юм. Уг шийтгэх тогтоолд Б.Аззаяа болон түүний өмгөөлөгч Л.Соёмбо нар гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн I танхимд тэднийг оролцуулан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэв.