Хүүхдийнх нь үйлдсэн аллагад ээжийг нь яллахаар болжээ
Ангийнхаа дөрвөн сурагчийн амийг буудаж хөнөөсөн хүүхдийн хэрэгт ээжийг нь яллах шийдвэрийг Мичиган мужийн тангарагтны шүүх өчигдөр гаргажээ. Ингэснээр энэ нь АНУ-ын түүхэнд сургуулийн байранд үйлдсэн аллагын хэрэгт эцэг эхийг нь буруутгасан анхны тохиолдол болж байна.
Прокурорууд мужийн хуулийн дагуу Женифер Крамблийг тухайн үед 15 настай байсан хүүгээ бусдад хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан гэж үзжээ. Тухайлбал гэртээ буу, сум зохих ёсны дагуу хадгалж чадаагүй, хүү Этаны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал халамж тавиагүй гэж буруутгасан байна. Ингэснээр 45 настай Крамбли дөрвөн хүний амийг бүрэлгэсэн аллагын хэргийн нэг яллагдагч болжээ. Хүүгийн эцэг Жэймс Крамблийн шүүх хурал ирэх сард болох юм.2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өглөө Этан Крамбли математикийн даалгавар хийсэн дэвтэр дээрээ буу, сум, шархадсан хүн зурж, ёс бус үг хэллэг бичсэн байсныг Оксфордын ахлах сургуулийн ажилтнууд мэдэж, эцэг эхэд нь анхааруулж байжээ. Гэвч дуудагдсан эцэг эх хоёр хүүгээ гэрт нь хариулалгүй сургууль дээр үлдээсэн байна.
Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Этан цүнхнээсээ гар буу гаргаж ирээд 10 сурагч, нэг багшийг бууджээ. 9 мм-ийн Sig Sauer загварын уг бууг тэр дөрөв хоногийн өмнө аавын хамт худалдан авч байсан юм. Ээж Женифер Крамбли амралтын өдөр хүүгээ буудлагын талбайд аваачиж, дадлага хийлгэж байжээ.
Бууг аюулгүй хадгалах нөхрийнх нь үүрэг байсан, хүүд нь сэтгэл санааны хямралын ямар нэг шинж тэмдэг харагдаагүй гэж Женифер Крамбли шүүх хурлын үеэр өөрийгөө хамгаалж байв.
Гэвч мөрдөгчид аллага гарахаас өмнө Этан ээждээ сэтгэл санааны зовлон шаналлынхаа тухай хэлж байсныг тогтоожээ. Женифер Крамбли ямар хугацаагаар шоронд хоригдохыг шүүх дөрөвдүгээр сарын 9-нд эцэслэн шийдэх юм.