Кени улсад үерийн далан задарч 50 орчим хүн амиа алджээ

5-р сарын 1, 2024 - 08:20
10 сарын өмнө
 0  15
Кени улсад үерийн далан задарч 50 орчим хүн амиа алджээ

Кени улсын нийслэл Найроби хотын хойд талд байдаг Рифт хөндий дэх хуучин Кижаби далан даваа гарагийн шөнө 03:00 цагт сэтэрчээ. Далан сэтрэх үед бөмбөг тэсэрч, газар хөдөлж буй мэт чанга нүргэлэх чимээ гарсан байна.


Сэтэрсэн далангаар үерийн ус зам татуулан хүчтэй урсаж, замдаа таарсан бүгдийг усанд автуулан эвдэлж сүйтгэсэн тухай Накуру мужид харьяалагддаг Май Махиу тосгоны иргэд ярьцгаажээ. Кени улсад гуравдугаар сараас хойш 80 орчим иргэн үерт өртөж амиа алдсан байсан бол өнөөдрийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 120 давлаа. Үерийн үеэр урссан шавар шалбааг, хөрсний гулсалт, байшин барилгын нуранги доор хичнээн хүн дарагдаж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна.

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн баг ойр дотны хүмүүсээсээ төөрсөн, орон гэрээ алдсан иргэдэд тусалж байна. Кенийн Дотоод хэргийн сайд Китуре Киндики аюулгүй хүчин болон тагнуулын албаныханд төрийн болон хувийн хэвшлийнхний барьсан далан, үерээс хамгаалах сувгуудын бүрэн бүтэн байдлыг 24 цагийн дотор шалгах тушаал өгчээ.


Мөн Засгийн газрын зүгээс хууль бусаар иргэдийг гол гатлуулах, тээвэрлэх эрсдэлтэй ажлыг хийж байгаа хүмүүст хариуцлага тооцож баривчлан саатуулах ажлыг зохион байгуулж байна. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Кенийн зүүн нутагт Тана мөрөн үерлэх үеэр иргэдийг хууль бусаар тээвэрлэж байсан завь живсэн. Улаан загалмайн нийгэмлэгийн аврагчид тус завинаас 23 хүнийг аварсан боловч хоёр хүн амь эрсэджээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow