Катарын агаарын тээврийн компани Монголоос бүхээгийн ажилтан авах зар түгээв
Доха хотод төвтэй Катарын үндэсний агаарын тээвэрлэгч Qatar Airways Company компани Монгол Улсаас бүхээгийн ажилтан авах зар нийтэлжээ. Тус компанийн албан ёсны сайт дээр зар нийтлэгдсэн байна.
"Манай дэлхийг хамарсан сүлжээ үргэлжлэн тэлж байгаа тул авьяаслаг хүмүүс манай бүхээгийн ажилтны багт нэгдэх гайхалтай боломж гарч ирж байна. Үйлчлүүлэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлж, дэлхийн зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх өндөр ур чадвартай хүмүүсийг бид хайж байна. Бидэнтэй хамт дэлхий даяар 160 гаруй чиглэлд аялж, салбарын хамгийн шилдэг давуу тал, сургалт хөтөлбөрт хамрагдах боломжийг ашиглаарай" хэмээн энэ зард өгүүлжээ.
Катарын агаарын тээврийн компанид бүхээгийн ажилтнаар ороход 21-ээс дээш насны, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, англи хэлийг аман болон бичгийн түвшинд чөлөөтэй эзэмшсэн, хүн хоорондын харилцааны дадал чадвартай, олон үндэстнээс бүрдсэн багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай, эрүүл мэнд, бие бялдар сайтай, Катарын Доху хотод шилжин суурьших боломжтой байх гэсэн шаардлагуудыг тавьсан байна. Ажилд орох хүсэлтэй хүмүүс 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой аж.