Испани бүсгүйчүүд Английн шигшээг хожсоноор дэлхийн цомын эзэн боллоо
Австралийн Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд өнөө орой эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт болж, Испанийн шигшээ баг Ольга Кармонагийн эхний үед хийсэн цохилтоор Английн багийг 1-0 харьцаагаар буулган авснаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа түрүүллээ.
Хоёр багийн хувьд анх удаагаа финалын шатанд тунан үлдсэн нь энэ юм. Английн “Эрслэнгүүд” нэг ч хожигдолгүйгээр финалд хүрч, 1966 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын цомыг эх орондоо авчрахыг зорьж байсан юм.
Испанийн багийн ахлагч О.Кармонагийн 29 дэх минутад оруулсан гоол тоглолтын хувь заяаг шийдэв. Английн шигшээ багийн хаалгач Мэри Эрпс тоглолтын 70 дахь минутад Женни Хермосогийн торгуулийн цохилтыг гайхалтай хаасан нь тоглолтын онцлох мөчүүдийн нэг байлаа. Тоглолтын 90 минут дуусаж байхад шүүгчийн зүгээс торгуулийн цохилтод зарцуулсан хугацаа болон Алекс Гринвүүдын бэртэл зэргийг тооцож, тоглолтыг 13 минутаар сунгасан юм.