Илон Маскын "Neuralink" компани хүний тархинд чип амжилттай суулгажээ
Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск технологийн салбарт тэргүүнд алхаж байгаа хэд хэдэн компанийг эзэмшдэг. Илон Маскын эзэмшдэг компаниудын нэг нь Neuralink анагаах ухааны салбарт тархи мэдрэлийн системд технологийг нэвтрүүлэх зорилготой компани юм. Тус компани хүний тархинд утасгүй бичил чипийг анх удаа амжилттай суулгасан байна.
Илон Маскын танилцуулснаар бичил чип суулгасан өвчтөний мэдрэлийн эс, импульс сэргэж, сайжирч байгаа шинж тэмдэг ажиглагджээ. Ингэснээр Neuralink компани хүний тархийг компьютертэй холбож мэдрэлийн гаралтай хүнд өвчин эмгэгийг анагаах зорилгодоо нэг алхам ойртлоо.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компаниуд нь хэдийнэ төстэй чипүүдийг суулгасан байдаг. Тухайлбал Юта-д төвтэй Blackrock Neurotech компани л гэхэд 20 жилийн өмнө буюу 2004 онд тархийг компьютертэй холбосон анхны чипийг хүнд суулгажээ. Neuralink компани амжилттай алхам хийснээр Илон Маск энэ салбарын өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж байна.
АНУ-ын Хоол хүнс, эм бэлдмэлийн газар өнгөрсөн оны тавдугаар сард Neuralink компанид хүний биед чип суулгах туршилтыг хийх зөвшөөрлийг олгожээ. Тус компани хүний үсний ширхгээс ч нарийхан 64 ширхэг уян хатан утаснуудыг хүний биед суулгаж, биеийн хөдөлгөөнийг удирддаг тархины хэсгийг хянана. Туршилтын суулгац бүхий хялгасан чипүүд дэх зай хураагуурыг утасгүйгээр цэнэглэх боломжтой бөгөөд хүн хэрхэн хөдлөх гэж байгаа тархины дохиог бичиж, аппликейшн руу дамжуулна.
Илон Маск өөрийн эзэмшдэг Х цахим платформод уг хялгасан чипийг Telepathy гэж нэрлэснээ хуваалцжээ. Telepathy нь яваандаа зөвхөн бодох төдийд та гар утас, компьютер болон бусад төхөөрөмжийг хянах боломжтой болох ажээ. Эхний удаад дөрвөн мөч нь мэдээ алдсан өвчтөнүүдэд Telepathy-г ашиглах юм байна.
Neuralink компанийг Илон Масктай хамтран үүсгэн байгуулсан Precision Neuroscience компанийн төлөөлөл саажилттай иргэдэд туслах нь эн тэргүүний зорилгуудын нэг гэдгийг онцолжээ.