Гавьяат тамирчин Г.Дорж, дасгалжуулагч Э.Мөнхдөл,Д.Батням,эмч М.Булган нарын гэрээс допинг илрээд байна
Монголын допингийн эсрэг үндэсний төвийн захирал Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон албан өрөөнд нь өчигдрөөс нэгжлэг хийж, тэндээсээ улбаалан хэргийн сэжүүрийг хөвөрдсөөр байна.
Биеийн тамир спортын улсын хорооны анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, Гавьяат тамирчин Г.Дорж, Үндэсний бөхийн багш дасгалжуулагч Д.Батням нарын гэрээс допинг хурааж авчээ.Мөн тэдний хоорондоо холбогдож байсан техник хэрэгсэл зарим албан бичгийг хурааж авсан гэх мэдээлэл байна. Энэ хүмүүст яагаад допинг байгаа болон тэд талаагдаагүй тамирчиндаа хэрэглүүлдэг байсан уу гэх мэт маш олон таамгууд гарч байна. Юутай ч мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд дээрх хүмүүсийг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 48 цаг түр хугацаагаар саатуулсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Үргэлжүүлэн хорих шаардлагатай бол хорьж шалгах юм байна.
Д.Батням нь Улсын аварга Э.Оюунболдын багш дасгалжуулагч юм байна.
Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан байранд АТГ-аас нэгжлэг хийж эхэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Хатанбаатар нь Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариуг "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын хаягаар бус өөрийн хувийн цахим хуудсаараа дамжуулан авч, улмаар хариу нь эерэг гарсан бөхчүүдтэй үүнийгээ "наймаалцдаг" байсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Юутай ч спорттой хамаарал бүхий удирдах албан тушаалтнуудаас их хэмжээний допинг илэрсэн нь иргэдийн гайхшрал, хардлагыг төрүүлээд байгаа юм. Энэ талаар өнөөдөр Авилгатай тэмцэх газар мэдээлэл өгөхөөр болжээ.