Гадныханд газар эзэмшүүлсэн Х.Нэхийтийг үргэлжлүүлэн хорьж, Ш.Энхжаргалыг суллажээ
Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал нарыг өнгөрөгч арванхоёрдугаар сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүх уг саналыг хэлэлцсэн байна. Шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авсан байна. Харин Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэх хорих саналаас татгалзаж шийдвэрлэжээ. Энэ хэрэгт холбогдож байгаад гаднын улс орон руу гарч явсан гэх Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн захирамж гарсан байдаг. Тэрбээр өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм.