Э.Цэндбаатар: Надад олимпын медаль дутуу учир дутуугаа гүйцээхээр эх орондоо ирлээ
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоо /МБХ/-ны Ерөнхийлөгч В.Ганзоригт хандан олимпын эрхийн сорилд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар МБХ-ноос тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар Олимпын сорил тэмцээндээ оролцохоор эх орондоо өнөөдөр иржээ.
Тэрээр дараах мэдээллийг өглөө. МУГТ Э.Цэндбаатар "Тамирчин хүний хувьд олимп гэдэг бол маш чухал тэмцээн. Миний хувьд хоёр удаа олимпод оролцож байсан. МБХ-нд хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлэж өгсөнд нь маш их баярлаж байна. Тавдугаар сард болох олимпын эрх олгох тэмцээнд оролцож, дутуугаа гүйцээмээр байна. Надад олимпын медаль дутуу байгаа учир зорилго болгон хичээж байна. Мэргэжлийн бокст 15 удаа тоглоогүй учир сонирхогчийн бокст тоглож болно. Олимпын сорил тэмцээнд 63.5 кг жинд оролцоод буцах төлөвлөгөөтэй байгаа. Миний дараагийн тэмцээн хүлээж байгаа"
гэлээ. Сорилын тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) олимпод оролцох эрх авах юм.