Дүүжин тээвэр өдөрт 15 цаг үйлчилгээнд явна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын "Пома" групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ. Олон улсад "Cable Car" гэдгээрээ танигдсан дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг - Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой гэж тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих мэдээлэв. Тэрбээр "Манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 80 жил болсон туршлагатай. Сүүлийн 20 жилд нь хүн тээвэрлэж эхэлсэн. Африк, Ази болон Европ тивд үйл ажиллагаагаа явуулж байна. Хот төлөвлөлт болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахад бэрхшээлтэй үед зориулагдсан гэж хэлж болно. Монголын нөхцөлд дүүжин тээврийн үйлчилгээг тохиромжтой гэж үзэж байна.
Хүйтэн цаг агаартай мөн уулархаг бүс нутагтай учраас давуу тал болно. Бид өмнө нь хүн амын төвлөрөлт ихтэй хотуудад дүүжин тээврээ ашиглаж байсан тул Улаанбаатар хотод хийсэн судалгааны дагуу ашиглах боломжтой гэж үзэж буй. Бүхээг 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд 2,300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна. Өдөрт 15 цагаар тээвэрт явна. Жилийн 365 хоногийн 360-д нь хүн тээвэрлэх боломжтой" гэж ярилаа. Ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай.
Манай улсад үйл ажиллагаа явуулах "Пома" групп нь эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцана гэж Л.Фридрих онцолсон юм.Маргааш буюу энэ сарын 4-нд 11:40-13:40 цагт Арцатын ам, Porsche Centre-ийн зүүн талд БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавина.