Есдүгээр сарын нэгэн

9-р сарын 1, 2023 - 06:56
1 жил өмнө
 0  15
Есдүгээр сарын нэгэн

Хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд баяслаар цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн нийслэл Хар хорум” нээлтийн хичээл хийнэ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр сургуулийн өмнөх боловсролын 1420, ерөнхий боловсролын 866, мэргэжил олгох 78, дээд боловсролын 65 байгууллага үйл ажиллагаа явуулж, бүх шатны боловсролын байгууллагад 193 мянга гаруй хүүхэд, залуучууд шинээр элсэн орохоор байна.

Энэ жилийн хувьд УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталж, 2023 оны наймдугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Боловсролын тухай багц хуулиудыг мөрдөж ажиллана. Тус багцад Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм.

Мөн Засгийн газраас боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч дараах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал,

- Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна,

- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

- Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тоон дээр дагалдан багшаар ажиллах боломжтой болгосон,

- Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах зэрэг олон шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Ийнхүү улс орон даяар хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил эхэлж байна. Үүнийг тохиолдуулан алдрай бяцхан үрс, аав, ээжийн хүүхдүүд, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа   хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow