Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарна гэж амлав
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.
Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарна гэж амлав.