Энэтхэгийн сонгуулийн санал хураах байрны 33 ажилтан хэт халуунаас болж нас баржээ
Энэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр эхэлсэн.
Тэрбум орчим иргэний саналыг авах ажил хоёр сар орчмын хугацаанд үргэлжилж, зургадугаар сарын 1-ний өдөр дуусчээ. 1,4 тэрбум хүн амын 969 сая нь сонгууль өгөх эрхтэйгээр бүртгүүлжээ. Урьдчилсан байдлаар энэ удаагийн сонгуульд одоогийн эрх баригч Бхаратья Жаната нам ялалт байгуулж, Нарендра Моди гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болсон.Санал хураалтын сүүлчийн өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын хойд бүсийн Уттар Прадеш мужид цаг агаар хэт халсан байна. Хэт халууны улмаас санал авах байруудад ажиллаж байсан 33 хүн нас баржээ. Хэт халуунаас гадна сонгуулийн хороо, санал хураах байрны ажилтнууд уртасгасан цагаар ажилласан нь тэднийг нас барахад нөлөөлсөн гэж үзэж байна. Уттар Прадеш мужийн сонгуулийн хорооны ахлах ажилтны хэлснээр хэт халуунд уртасгасан цагаар ажилласны улмаас нас барсан ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр 18,000 ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.
Энэтхэг улсад агаарын температур цельсийн 50 хэмд хүрч халж буй. Нийслэл Дели хотод цельсийн 52 хэм хүрч улс орны түүхэн дэх хамгийн халуун өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ.