ЭМЯ:"Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

7-р сарын 30, 2024 - 11:23
5 сарын өмнө
 0  16
ЭМЯ:"Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Солонгосын сайн дурын шүдний эмч нар Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийхдээ ариутгаагүй багажаар иргэдэд үзлэг хийсэн асуудал гарсан. Энэ дагуу Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас шалгалтын баг гарч  “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. ЭМЯ-ны холбогдох эх сурвалж хэлэхдээ 


 "Эрүүл Мэндийн Яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авлаа. Яамны дэргэдэх эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн.

Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна"


 гэв. Харин Хэнтий аймгийн Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр, амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн долоо хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.

“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Шалгалтын ажил үргэлжилж байна.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow