Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр ОХУ-ын эмч, мэргэжилтнүүд манай улсад амжилттай суралцлаа
ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар дөрөвдүгээр сарын 16-наа с тавдугаар сарын 16-ны хооронд нэг сарын хугацаатай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ) дээр суралцаж байна. ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч, мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. Улмаар амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал“Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо олон улсын эмч, мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна.
Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гадаадын эмч, мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх гэж бодож байна” хэмээгээд сургалтад хамрагдсан дөрвөн эмчид сертификатыг нь гардуулан өгсөн юм. Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Красноярскийн эмнэлэгт хүрэлцэн ирэхийг урилаа.
Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаадын эмч, мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гадаад улс орны олон эмч, мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцах юм.