E-Mongolia-д гадаадын иргэн нэвтэрдэг болжээ
Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.
Гадаадын иргэд E-mongolia-д нэвтэрч, оршин суугаа, аялж зорчиж буй газар байршлынхаа картыг үзэх, хаягийн лавлагаа авахаас эхлээд, Монголд бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулахыг хүсвэл, бусад үйл ажиллагаа явуулах бол хуулийн этгээд байгуулах, зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар илгээх, компанийхаа мэдээллийг хянах, цаг, зардлаа хэмнэх зэрэг өргөн боломжтой. Хэрвээ Монголд компани, хуулийн этгээдтэй бол бүртгэлийн мэдээллээ үзэж, бизнесийн олон төрлийн үйлчилгээг гар утас, компьютерээ товшоод авна.Монголд хөрөнгө оруулах, манай орны хөгжилд тустай ажил үйлс эрхлэх, аялж жуулчлахад хэл, соёл, мэдээлэл, ойлголт, хууль эрх зүйн орчны зөрүү хүндрэл учруулдаг. Компани бүртгүүлэхээс эхлээд орчуулагч, хөтөч дагуулан явах, харилцаж ойлголцоход эхний алхмаасаа бэрхшээлтэй тулгардаг. E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд технологи үйлчилж эхэлсэн нь хөрөнгө оруулалт уриан дуудах таатай орчин угсарч бүтээхэд хувь нэмрээ оруулна.
Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийджээ.