Дүүжин тээврийн шавыг өнөөдөр тавилаа
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Cable Car" буюу дүүжин тээвэр төслийн шав тавих ёслол өнөөдөр Яармагийн Арцатын аманд боллоо.
Энэ үеэр Элчин сайд Сэбастиен Сүрүн "Орчин үеийн Францын нийтийн тээвэрт ашиглаж буй дүүжин тээврийг Монгол Улсад ашиглах болж буйд их баяртай байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлье. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдэлд манай Засгийн газар оролцож байгаадаа баяртай байгааг уламжилъя. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй "Пома" групп дүүжин тээврийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлсэн туршлагатай хамт олон гэдэгт итгэж болно. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хот бол дүүжин тээврийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой хот. Хүйтэн цаг агаартай, салхитай, уулархаг бүс нутаг тул дүүжин тээвэр явахад бэрхшээл тулгарахгүй. Түүнчлэн Яармаг-Хархорин зах чиглэлд автомашинаар ойролцоогоор 50 минут явж байгаа бол дүүжин тээврээр 11 минут зарцуулна. Ирж очих гээд нийт 80 минутыг хэмнэнэ гэдэг том хотын иргэдийн амьдралд үр өгөөжтэй шийдэл мөн.
Нийтийн тээвэртэй холбоотой бохирдлыг багасгаж зөвхөн энэ чиглэлд 60 автобус явах үйлчилгээг дүүжин тээврээр хийх юм.Мөн дүүжин тээврээр явах үед иргэд нийслэл хотоо хөндлөн харах боломжтой болно" гэж ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Ирэх зургаадугаар сард гэхэд Эрчим хүчний гудамж руу уруудсан шинэ гүүр ашиглалтад орно. Түүнчлэн арваннэгдүгээр сард 8.7 км шинэ зам тавих гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах юм. Ингэснээр ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил өрнөж, түгжрэлийн асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн дүүжин тээврийн хоёр дахь маршрутыг ирэх Бямба гарагийн 10:00 цагаас Лео Фридрих зэрэг хүмүүстэй хамт явж танилцах, судалгааг хийнэ. Хоёр дахь шугамыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос Шангри Ла зочид буудлын урд талын талбай хүртэлх байна гэж тооцож буй" гэв.