Дүнжингаравын уулзварт гарсан ослын нэхэмжлэлээр даатгалын компаниуд 32.7 сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо
Дүнжингарав худалдааны төвийн уулзварт энэ сарын 24-нд гарсан ослын улмаас таван хүн амь насаа алдаж 27 хүн их бага хэмжээгээр гэмтэж бэртсэн бол гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр өртсөн. Иргэд амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон энэ хохирлын хэдэн хувь нь даатгагдсан байсан бэ? гэдэг асуулт гарна.
Одоогоор нийт хохирлын хэмжээ эцэслэгдээгүй ч даатгалын компаниудад даатгалтай иргэд нэхэмжлэлээ гаргаад эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар осолтой холбоотой ипотекийн даатгалтай иргэдээс 23 дуудлага даатгалын компаниудад ирсэн бол тээврийн хэрэгслийн даатгалтай 6 хувь хүн, 2 хуулийн этгээдээс, байгууллагын хариуцлагын даатгалтай нэг хуулийн этгээдээс, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай нэг иргэнээс ,бусад даатгалтай 3 хувь хүн, 2 хуулийн этгээдээс дуудлага ирж, хохирлын нэхэмжлэлээ гаргажээ. Даатгалын гэрээний хянагдаж байгаа хохирлын хэмжээ 1.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Хохирлын үнэлэх боломжтой тээврийн хэрэгслийн даатгалтай иргэдийн хохирлын даатгалын компаниуд шуурхай шийдвэрлэж байгаа гэлээ. Одоогоор 3 нөхөн төлбөрт 32.7 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. Харин ипотекийн даатгалтай байсан иргэдийн хувьд хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа учраас нөхөн төлбөр олгогдоогүй байна. Галд өртсөн Эдү апартментийн 207 байр, Санни таун, Санрайз таун хотхонд ипотекийн барьцаа хөрөнгийн болон зээлдэгчийн амь насны даатгалын нэхэмжлэл даатгалын компаниуд ирээд байгаа юм.
Хэдийгээр галд өртсөн айл өрхийн тоо 60 давсан ч даатгалтай иргэдийн тоо цөөн байна. Учир нь иргэд анх зээл авахдаа даатгалд хамрагдаад урт хугацаанд даатгалаа сунгадаггүй байна.