Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсан нь тогтоогдлоо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.