М.Нарантуяа "Орчлон" сургуулийн сурагчдын асуудлаар цагдаад хандахаар болжээ
Nara буюу дуучин М.Нарантуяагийн хүүгийн сурдаг "Орчлон" сургуулийн сурагчид нэгнээ ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог, улмаар зодолдсон тухай цахим орчинд дэлгэсэн. Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм.
Тухайн тохиолдол дээр тус сургуулиас арга хэмжээ авч, нийгмийн ажилтан багш нарын баг гаргаж сэтгэл зүйч багшийг хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хүүхдийн хэлтсээс М.Нарантуяатай холбогдож хүүхэд үе тэнгийнхнийхээ дунд дээрэлхэлтэд өртсөн тухай асуудлаар гомдол гаргаж, сургууль болон хүүхдийн эцэг эхэд хариуцлага тооцуулж болох тухай мэдээлэл өгчээ.
Иймд М.Нарантуяа "Зодоон нэг бус удаа харилцан зодолддог байсан гэх авч арай л муухай зодсон байгаа учраас цагдаагийн газрын хүүхдийн хэлтсээр шийдүүлэх нь зөв юм байна гэж үзлээ. Цагдаа сэргийлэх гээд яахав гэж бодсон ч бие махбодид хайр найргүй хүрсэн явдлыг өөрийн нүдээр үзээд уучлаад ярилцаад өнгөрөх түвшний хэрэг биш байна гэж бодлоо" хэмээв.
Ингэснээр бусад хүүхдүүдэд сургамж болно гэж үзсэн байна.