Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, хурал нь хойшиллоо
Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшилжээ. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2023.01.11/ болж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 24-нд товлосон юм. Тухайн үед хохирогч охины аав "Одоо ярих юм алга. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа мэдээлэл өгье. Охины маань шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэдгээрээ батлагдсан. Охины хөлийн шарх анисан. Харах үзэмжний хувьд онгорхой, үрчийгээд муухай болсон" гэдгийг хэлж байв.
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан.
Хохирогчийн өмгөөлөгчийн мэдээлснээр, шүүх хуралд хоёр хохирогчийн өмгөөлөгч, Ч.Маралмаа нар оролцсон бөгөөд прокурор нь солигдсон гэв.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан. Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буйг албаныхан мэдээлсэн.