Бусдыг дээрэлхсэн хүүхдийг аав, ээжтэй нь хамт сургалтад хамруулдаг боллоо
Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сард шинэчлэн баталж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжилт эхэлсэн. Шинэчилсэн найруулгаар үе тэнгийн дээрэлхэлтийг анх удаа хуульчилсан.
Тодруулбал, энэ хуулиар дээрэлхэлтэд өртсөн болон дээрэлхсэн хүүхдийн аль алинд нь хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Энгийнээр ойлгуулахад хохирсон хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө тусламж, бусдыг дээрэлхсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгөх, дээрэлхүүлсэн хүүхдээс уучлалт гуйх мөн асран хамгаалагчийн хамт хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт үйл ажиллагаанд хамруулах юм.
Мөн хүүхэд хохирсон байвал гэм бурууг тогтоож, шийдвэрлэнэ.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд хүүхэд хамгаалахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жил манай улс 14,3 тэрбум төгрөгөөөр хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлжээ.
Харин энэ дүн ирэх оны төсөвт нэмэгдэж төсөвлөгджээ. Харин бусдыг дээрэлхсэн хүүхдийг аав, ээжтэй нь хамт сургалтад хамруулдаг болжээ.