40 улсад аялахаар төлөвлөсөн монгол гэр бүл Киргизстанд хүрчээ
Гэр бүлээрээ 40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл 10 хоногийн өмнө замдаа гарсан. Тодруулбал, тэд Монголоос АНУ хүртэл машинтайгаа аялах юм. Ингэхдээ дэлхийн 40 улсаар дайран өнгөрөх бөгөөд туулах нийт замын урт 44,000 км байна гэж тооцоолоод буй. Тэд дөрвүүлээ аялах бөгөөд аав ээж нь хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулах том зорилго тээхээс гадна гэр бүлээрээ мартагдашгүй дурсамж бүтээхээр ийнхүү аялалаа эхлүүлээд байгаа юм. Мөн үүний зэрэгцээ Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн говийн баавгай мазаалайгаа хамгаалахаар #savemazaalai нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ онцолсон.
Тэгвэл тэд эх орноосоо хөдлөөд 10 хоногийн дараа Алмата хотоос урагш 229 км-т орших Киргизстаны нийслэл Бишкек хотод хүрчээ. Тухайн байршилд цаг агаар хүйтэн, цас их орж байгаа тул зарим зам, даваа хаагдаад байгаа юм байна.