Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ.
Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжинд ашиглагдсаар ирсэн юм.
Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихэсч, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүхий л боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.