БНСУ-ын агаарын тээврийн компаниуд Монгол руу хийх нислэгийн тоогоо нэмэгдүүлнэ
Бусан хотын Гимхэ олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр болжээ. БНСУ, Монгол Улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яам мэдээллээд байна. Энэ хүрээнд хоёр улсын орон нутгийн нисэх онгоцны буудлын тээвэрлэлтийн эрхийн чиглэл, давтамжийг агаарын хөлгийн төрлөөр хязгаарлахгүйгээр өргөтгөх аж.
Монгол руу нислэг үйлддэг БНСУ-ын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болжээ. Чежү болон Яньяны олон улсын нисэх онгоцны буудал руу хийх нислэгийн тоог хүсэлт гаргасан тохиолдолд нэмэх, мөн Бусан хотын Гимхэ нисэх буудлаас Улаанбаатар руу хийх нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсныг ес болгож нэмэгдүүлэхээр тохиолцсон байна.
Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгоно. Аялал жуулчлалын оргил үе буюу зургаагаас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10800-д хүргэнэ. Хоёр улсын хооронд зорчигчийн тоо 2021 онд 41 мянга байсан бол 2022 онд 318 мянга, өнгөрсөн онд 653 мянга болж нэмэгджээ.