Б.Ганхуяг нүүрсний сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ илэрхийллээ
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүсэлт илгээжээ. Түүний хүсэлтийг ар гэрийнхэн нь Түр хорооны даргад хүлээлгэн өглөө. Тус хүсэлтэд “Б.Ганхуяг миний бие таны зохион байгуулж буй нүүрсний сонсголд гэрчээр оролцоно гэж ойлгосон. Өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байгаа учраас би өөрийн хүсэлтээр сонсголд оролцох хүсэлтийг дамжуулж байна” гэжээ. Б.Ганхуягийг яагаад сонсголд гэрчээр оролцуулахгүй байгаа асуудлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Түр хороо 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, эхний сонсголд дуудах 178 гэрчийн нэрийг гаргаж, тогтоол гаргасан. Энэ дотор Б.Ганхуяг байгаа, өнөөдөр үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Миний бие Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Хуулиар шүүн таслан ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа учраас тэр шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирсэн” гэсэн тайлбарыг өглөө.