Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Шувуу ажиллагаа амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийн 70-75 хувийг авчирсан. Хамгийн сүүлд гэхэд захиалгаар бусдын амь насанд халдсан хэргийг шалгаж байх явцад оргон зайлсан этгээдийг олж авчирсан. Сая Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Надад тийм мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай андуурсан байх. Н.Золжаргал Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан асуудал хоёр талын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудал бий. Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа" гэжээ.