Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Валентины баярын өдөр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ
Энэ жил 60 настай Австрали улсын Ерөнхий сайд Энтони Албанез найз бүсгүй Жоди Хэйдонтойгоо сүй тавьсан гэдгээ цахим сүлжээгээрээ дамжуулан зарлажээ. Албанез өчигдөр буюу Валентины баярын өдөр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна.
Ерөнхий сайдын өнөөдөр албан ёсны Х цахим платформ дээр тавьсан зурган дээр найз бүсгүй нь гартаа сүйн бөгж зүүсэн байжээ. Зурагныхаа тайлбарт “Тэр зөвшөөрсөн” хэмээн бичсэн байна. Хэрвээ тэд хуримаа хийвэл алба хашиж байгаа хугацаандаа гэрлэсэн Австралийн анхны Ерөнхий сайд болох юм.
Энтони Албанез, Жоди Хэйдон нар 2019 онд Мэлбурн хотод бизнес оройн зоогон дээр танилцаж байжээ. Хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч Жоди Хэйдон Ерөнхий сайдын төрийн айлчлалд дагалдаж явдаг.
2022 онд Австралийн Ерөнхий сайд болсон Албанез өмнө нь Шинэ Өмнөд Уэльс мужийн дэд сайд асан Кармель Тэббуттэй гэрлэж байсан бөгөөд тэд 23 настай хүүтэй юм.