Архангай аймагт нэг иргэн сураггүй болоод гурав хонож байна
Архангай аймгийн Тариат сумын нутагт есдүгээр сарын 29-ний 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.
Тухайн иргэн аймгийн төвөөс хойд зүгт 185 километрт “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага есдүгээр сарын 29-ний 05:30 цагт бүртгэгджээ.
Улмаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болон цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг өчигдөр 08:20-19:00 цаг хүртэл зохион байгуулсан байна.
Алба хаагчид эрэн хайх ажиллагааг хийхдээ “Дагиналтай” нуурт найман удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар таван километрийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлжээ.