АНУ-аас 16 зүтгүүрийн дөрвөн нь Монгол руу ачигдлаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компанийн гол замын SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэнэ.
Эхний хоёр зүтгүүр өнөөдрийн байдлаар Номхон далайд тээвэрлэгдэж байгаа бөгөөд хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэхээр төлөвлөгдөж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.
Дараагийн ээлжийн дөрвөн зүтгүүр усан онгоцонд АНУ-ын Зүүн эрэг Атлантын далайн Morehead боомтоос ачигджээ. Уг вагонууд нь 5,000 тонн жинтэй галт тэргийг татах 4,500 морины хүч буюу 3,355 кВт чадалтай, ашиглалтын үеийн зардал, засвар үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтээцтэй байна.Эдгээр зүтгүүр 2024 оны гуравдугаар сарын сүүлээр манай улсад ирэх юм.