Амур зочид буудлын барилгын ажлыг зогсоох санал хүргүүлжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 33-р хороонд байрлалтай, бидний нэрлэж заншсанаар Модны 2-т байрлах “Амур” зочид буудлыг нураан дахин шинээр барилга барихдаа зэргэлдээх орон сууцны барилгуудад аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн. Аадар борооны дараа энэхүү барилгын талбайн хөрс нурж, зэргэлдээх байруудыг эрсдэлд оруулж эхэлжээ. Учир нь долдугаар сарын 23-ны борооны үеэр урд хэсгийн хөрс нурж, хашаагаа ахиулан барьсан бол өчигдөр орсон борооноор шөнө дунд хойд талын хөрс дахин нурж арын явган хүний зам сүйдэх эрсдэл үүссэн байна.Ойролцоох байрны оршин суугчид нь тус барилгаас болгоомжилж байгаа бөгөөд өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс барилгын ажлыг зогсоох саналыг холбогдох газруудад нь хүргэнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд гарын үсэг цуглуулж эхэлжээ.