Алга урвуулахын төдийд бид амьдарч буйгаа бүү март!
Байдаг л нэг үдэш. Ажлаасаа ядарч ирээд хоол хийх, гэр эмхлэх төдийхөнд төвөгшөөж, тоглоомоо эмхлэх, хичээл хийх тухайд үглэнгээ зурагтаар мэдээ сонсож байтал Турк, Сири улсад газар хөдөлж хэдэн мянган хүн амь үрэгдсэн тухай аймшигт мэдээ дамжуулав.
Хэдхэн цагийн өмнө тэнд... Яг над шиг хэн нэг нь тоглоомоо хураагаагүй, хичээлээ хийгээгүйн тухай үглэж, бяцхан үрс миний хүү шиг ах нартайгаа хөөцөлдөн тоглож, бухимдал тэднийгээ өхөөрдсөн харцаар солигдож, үрсийн инээд гэр дүүргэж, нөгөө нэг нь утсаараа фэйсбүүкээ гүйлгэнгээ өөр нэгний зурагт лайк даран уур бухимдал, инээд баясал сүлэлдэж байсан байж таараа. Яг л бидний адил байдаг л амьдрал.
Хэдхэн цагийн дараа тэнд... Уй гашуу, гомдол харуусал, өнчрөл хагацал, айдас түгшүүрээр дүүрч дэлхий гашуудлаа. Хэзээ ч бүү тохиолдоосой гэдэг айдас.
Дараагийн мэдээгээр албан тушаалаа ашиглаж завшсан, шунасан, идсэн уусан, хэдэн тэрбумаар улсаа тоносон эрх мэдэлтнүүдийн тухай дамжуулав.
Хэдхэн цагийн өмнө тэнд... Магадгүй манайх шиг шунасан, боломжоо ашиглаад баяжихыг хүссэн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ноёрхлын төлөөх өдөөн хатгалга.
Хэдхэн цагийн дараа тэнд... Байгалийн гамшгийн өмнө амьд үлдэхийн төлөөх горьдлого. Ердөө л тэр. Үр минь, хань минь, аав ээж минь амьд л байгаасай гэх залбирал л тэндээс мэдрэгдэж байна.
Амьдрал алга урвуулахын дайтад л өөрчлөгддөг нь энэ аж. Хэдхэн цагийн өмнө аз жаргалын хэмжүүр эрх мэдэл, хөрөнгө чинээ, тансаг амьдрал байсан бол хэдхэн цагийн дараа амьд байгаа нь өөрөө аз жаргал гэдгийг байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл дэлхийд дахин нотоллоо.
Байгалийн өчүүхэн эд эс болохын хувьд хэтэрхий их шунах, үзэн ядах, хөрөнгө чинээ цуглуулж зүтгэх хугацаа байхгүй. Харин хором бүрийг хайрлах, амьдарч байгаагаа мэдрэх, дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлах, ойлгох, хүндлэхэд зарцуулах нь утга учиртай мэт.
Тийм хөрөнгө цуглуулчихвал ирээдүйд сайхан амьдарна, өнөөдөр илүү зүтгэвэл маргааш жаргана, ингээд хэлчихвэл тэрэнд үнэлэгдэнэ гэх зэрэг хэзээ ч яаж ч өөрчлөгдөж мэдэх ирээдүйн төлөө зүтгэсээр байх уу. Эсвэл яг одоо, энэ мөчид хиймээр байгаагаа хийж, хайраа илчилж, хайртай хүнээ тэвэрч өөртөө аз жаргал мэдрэх үү.
Аз жаргал жилээр биш сараар биш хором хоромхноор олддог гэж үг бий. Ажлаасаа ирээд тоглоом эмхлэх, хоол хийх, хажууд үрс тоглож гүйх нь хэмжээлшгүй аз жаргал гэдгийг мэдрэхийг хүснэ.
Хэдхэн цагийн дараа тэнд.. тайван амгалан яг биднийх шиг амьдрал үргэлжлээсэй.