ОУХМ Б.Сумъяа: Тамирчдыг гадаадад тэмцээнд явуулах, бэлтгэл хангуулах нэрээр төсвөөс мөнгө авч завшдаг байж болзошгүй

11-р сарын 7, 2025 - 07:20
7 өдрийн өмнө
 0  116
ОУХМ Б.Сумъяа: Тамирчдыг гадаадад тэмцээнд явуулах, бэлтгэл хангуулах нэрээр төсвөөс мөнгө авч завшдаг байж болзошгүй

Монголын тэшүүрийн холбоо БНСУ руу тамирчдыг бэлтгэлд явуулах нэрээр 72 сая төгрөг БТСУХ-ноос авсан. Үүний 24 саяар нь байр түрээсэлнэ гэсэн ч тамирчдыг солонгос дасгалжуулагчийн гэрт байрлуулсан. Бэлтгэлийн хугацаанаасаа 10 гаруй хоногийн өмнө тамирчдыг "Мөнгөгүй боллоо" гэж буцаасан нь ноцтой мэдээллийн талаар Монголын тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа шүгэл үлээжээ.

 Тэрбээр "Г.Отгонцэцэг эгчийн сошиалд бичсэн постноос үүдээд би Шилэн данс руу орж шалгая, манай тэшүүрийнхэн ямар байдаг юм бол гэж бодоод шалгаж үзсэн юм. Сар бүрээр нь цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зарлага гэдгийг ороод харахад БТСУХ-ноос Монголын тэшүүрийн холбоо руу шилжсэн мөнгүүд, хавсралттайгаа байсан. Мөн тэшүүрийн тамирчид бэлтгэж байгаа дасгалжуулагчаас ч асуусан.

Улсын хорооноос зөвхөн үндэсний шигшээ багийн зардалд гээд 200 гаруй сая төгрөг энэ оны 3-10 дугаар сарын 20 хүртэл шилжүүлсэн байсан. 11 дүгээр сарынх тайлан арай гараагүй байх шиг байна. Ингээд харахад манай улсын шигшээ баг 4-хөн буюу нэг эмэгтэй, гурван эрэгтэй тамирчин, нэг дасгалжуулагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй улсын шигшээ багт харьяалагдаж, цалин мөнгөө аваад бэлтгэл сургуулилтаа хийдэг.

Яг Тэшүүрийн холбоо болон Улсын хорооноос ямар бодлого баримталж 2026 оны өвлийн олимпийн наадамд оролцох гэж байгааг тодорхой мэдэхгүй байна. Ер нь тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулна гэдэг хүрээнд тухайн зардлуудыг гаргасан байгаа юм.


Таваас зургадугаар сард 2 удаа 72 сая төгрөгийг “хамтарсан бэлтгэл сургуулиалт хийхэд зарцуулна” гээд зардлын тушаал гарсан нь Шилэн дансанд байна. Намайг тамирчин байхад Хятад руу явахад буудлын дундаж ханш 120-150 юань байсан. Одоо бол бүхэл дүн байгаа ч гэсэн хуваагаад үзэхээр “гадаад томилолтын тушаалын дагуу” ихэнх мөнгө гарсан харагдсан. Жишээ нь, долдугаар сарын 31-нд А229 тушаалаар нийт 3 тамирчныг БНСУ-д 2025.08.03-2025.09.30 өдрүүдэд хамтарсан бэлтгэл сургуулиалт хийх нэрээр 72.2 сая төгрөг Монголын тэшүүрийн холбооны данс руу шилжүүлсэн байгаа юм. Тамирчдыг байрлуулах байранд гэхэд 24 сая төгрөг гэж тооцоолсон.

БНСУ руу бэлтгэлд явсан тамирчинтай холбогдож тодруулахад, 8 дугаар сарын 2-нд Солонгост очоод 9 дүгээр сарын 11-нд Монгол руу буцсан байдаг. Тамирчинд Монгол руу буцахаас хоёр, гурван хоногийн өмнө “Монгол руу буцна шүү, зардал мөнгө дууслаа, дараа дараагийн тэмцээнүүдэд өөрөө зардлаа гаргана, шигшээ багаас ч тэр холбоонд ч мөнгөгүй” гэж хэлсэн юм билээ.

Гэтэл А229 тушаалаар 9 дүгээр сарын 31 өдрийг дуустал гээд 72 сая төгрөг авчихсан. Байрандаа 24.7 сая төгрөг төсөвлөчихөөд тамирчдаа солонгос дасгалжуулагчийн гэрт нэг өрөөнд нь байрлуулсан байгаа юм. Дасгажуулагчийн гэрийн нэг өрөөнд байрлаад 24.7 сая төгрөг төлөөгүй байлтай байна. 

Зардлын тушаалууд дээр Шигшээ багийн бүрэлдэхүүн гэж байгаа. Дасгалжуулагч н.Бат-Оргил гэдэг нэр яваад байгаа. Гэтэл энэ хүн өөрөө визний асуудлаас болж гадаад руу явдаггүй. АНУ-д 10 жил харласан учраас бусад орны виз ихэнх нь татгалздаг. Өчигдөр пост оруулсны дараа мэдсэн. Одоо Казахстанд болж байгаа залуучуудын дэлхийн цомын тэмцээнд н.Борхүү гээд тамирчин оролцохоор болоод дасгалжуулагчтайгаа явна гээд шигшээ багаас, эцэг эхээс нь мөнгө гаргуулаад 10 дугаар сард 20 сая төгрөгийн тушаал гаргуулаад Тэшүүрийн холбооны данс руу шилжүүлж авсан.


Гэтэл холбооны нарийн бичгийн дарга охин “team leader” статусаар явж байгаа, дасгалжуулагч нь яваагүй. Дасгалжуулагчгүй тамирчин хэрхэн уралдах вэ, бэлтгэл сургуулилтыг тарчиг нөхцөлд хийж байгаа, энд тэндээс эцэг эх нь зээл аваад явуулж байгаа хүүхдүүд ямар амжилт гаргах вэ. Хүүхдүүд муу уралдахаараа санаа нь зовдог, би яана аа гэж шаналдаг.

Би бас ингэж хардаад байгаа юм.


Улсын хорооноос давхар оролцож байдаг уу, Монголын тэшүүрийн холбоо гэж дан ганц байгууллага энэ их мөнгийг хувьдаа авчихаад завшаад байна уу, эсвэл хэдхэн хүмүүс хоорондоо байна уу.

Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо бодлого хэрэгжүүлж хяналт тавьдаг, төрөөс баримтлах бодлогыг уялдуулдна гэдэг зорилготой. Тэгсэн хэрнээ хэлдэг үг нь “холбоодод эрх мэдэл бий, бид юу ч мэдэхгүй, бид төсвөөс хуваарилсан мөнгийг тухайн холбоодуудад шаардлагынх нь дагуу хуваарилж байгаа” гэдэг. Ер нь өөрсдөөсөө түлхдэг.

Гэтэл тушаал дээр нь санхүүгийн газрын дарга, дотоод аудитын газрын дарга гэж нэр дурдаад хяналт тавина гэсэн мөртлөө яаж хяналт тавьж байна вэ. Тэр их мөнгийг шилжүүлчихээд буцаагаад тайлангаа тооцож авдаг юм уу. Төрийн сангаас мөнгөн гүйлгээ хийнэ гэдэг нэлээд шат дамжлагатай. Аудит нь шалгадаггүй, ажлаа хийдэггүй юм уу. Ганц бэлтгэлд явна гээд 72 сая төгрөг төсөвлөчихөөд 24 саяыг байранд өгнө гэчихээд айлд амьдарсан гэхээр ноцтой. Тайланг нь хаанаас харах вэ гэхээр тодорхойгүй. Шилэн данс руу ороод жилийн гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөө үнэлгээ гээд харахаар хэдэн үг л биччихсэн, тэр хүрээнд тэгж ажиллана гэснээс биш хийж бүтээсэн ажил нь тодорхойгүй. Биелэлт 100 хувь гээд хаачихдаг.


 Үүнийг хэн шалгадаг вэ. Гүйцэтгэлийг үнэлэх үнэлэмж тодорхойгүй" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Цахиур.мн

Share:
116

like

dislike

love

funny

angry

sad

wow