Орчин үеийн GNSS багаж ашиглан Монголын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо
Хэмжилтийн ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Уулчдын үндэсний холбоо болон мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.
Тус хэмжилтийг 2025 оны найм, есдүгээр сард өндөр нарийвчлалын GNSS багаж ашиглан геодезийн шинэчлэгдсэн хэмжилт хийжээ.
Шинэчилсэн хэмжилтийн үр дүнд:
-
Таван Богд уулын өндөр зарим эх сурвалжид 4104 метр, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолд 4082 метр гэж батлагдсан байдаг. Харин 2025 оны наймдугаар сарын геодезийн хэмжилтээр Таван Богд уулын оройн цэгийг 4081 метр байгааг тодорхойлов.
-
Монгол Улсын хамгийн өндөр цэг - Хүйтэн уулын өндөр 4374 метр гэж дунд сургуулийн сурах бичгээс эхлүүлэн олон эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг бол бусад эх сурвалжид 4352 метр байсан, 2025 оны наймдугаар сард өндрийг хэмжиж тодорхойлоход 4351 метр байжээ.
-
Мөнххайрхан уулын өндрийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор 4204 метр гэж батлагдсан бол зарим эх сурвалжид 4362 метр гэж тэмдэглэгдсэн байсан. Харин 2025 оны есдүгээр сарын геодезийн хэмжилтээр 4196 метр болох нь тогтоолоо.
Хэмжилтийн ажилд геодезийн зөвлөх инженер О.Хосбаяр, инженерүүд О.Пүрэвдорж, Э.Уранболор нар оролцож, Мөнххайрхан болон Хар Ан ууланд нийт 21 цагийн авиралт хийжээ.
Мөн уулын нэршлийг буруу ашиглаж буй асуудлыг залруулахын тулд орон нутгийн захиргаа, Уулчдын үндэсний холбоо хамтран ажиллаж, УИХ-аар батлагдсан албан ёсны нэршлийг түгээхээр болжээ.

