Хөвсгөл аймагт сураггүй болсон 2 настай хүүгийн цогцсыг 9 дэх өдөр нь оллоо. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл анх бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэд олон нийтийн хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдрийг хүртэл ажилласан. Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хоёр настай хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км орчим зайнаас олсон. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас анх эрэн хайх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрэн хайх, тухайн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг хуульд заасан чиг үүргийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлээд ажиллаж байна. Хүүхэд алга болсон асуудал, цогцос олдсон асуудалд хэргийн газрын хамгаалалт аваад мөрдөн шалгах ажиллагаа энэ цаг үед үргэлжлээд явж байна" гэв
-Хүүгийн цогцсыг ямар газраас олов. Ямархуу байдалтай байсан бэ?
-Тухайн орчны нөхцөл байдал модтой, тал хосолсон. Хүүгийн цогцост одоо яг үзлэг хийж байна, шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа дахин мэдээлэл өгнө.
-Ил харагдах шарх сорвигүй гэхээр юу гэсэн үг вэ?
Ерөнхий харагдах байдал нь ил харагдах шарх сорвигүй байсан гэсэн үг. Үхлийн шалтгаан нь шүүх эмнэлгээр тодорхой гарах байх гадны нөлөөтэй эсэх нь.
-Анх алга болсон гэх газраас 3-4 км зайд олдсон гэхээр тэр нутаг дэвсгэрээр эрэн хайгаагүй байсан юм уу. Эрэн хайх ажиллагаа яг аль хавиар нь хийгдсэн бэ?
-Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрутаар явсан мэдээлэл нь тодорхойгүй байна. Эрэн хайх ажиллагааг тодорхой байгууллагын алба хаагчид ахлаад хийсэн. Эрэн хайх ажиллагаатай холбоотой, нас барсан нөхцөл байдлын талаарх мөрдөн шалгах ажиллагаа явагдах учраас тухайн үед нь мэдээлэл өгөх нь зүйн хэрэг байх гэлээ.
Харин Эх сурвалжийн мэдээллээр хүүгийн цогцсонд ямар нэгэн шарх үүсээгүй, өмсөж явсан хувцастайгаа. Цогцос өвсөн доор байдалтай байсан хэмээж буй юм.