Эхнэрээ хөнөөсөн Э-г хуяглан авчирч шүүх хурал эхэллээ
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Э Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас СХБГХУД-ийн ЭХАШТШ-д хуяглан хүргэж ирсэн билээ.
“Gem mall” худалдааны төвд иргэн Э эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр өглөө 09:00 цагт товлогдож шүүх хурал эхэллээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа.
Эргэн сануулахад, Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм.

