“GenZ” үеийнхэн эхлүүлсэн жагсаал Засгийн газрын ордон, сайд нарынхаа гэрийг шатааснаар хурцадлаа

Непалын нийслэл Катманду хотод даваа гарагаас хойш хэд хэдэн байршилд залуус жагсаж, засгийн газрын авлигын шинжтэй үйлдлүүдийг эсрэг эсэргүүцэл илэрхийлсээр байна. Олон газарт гал гарч, хэдэн зуун жагсагч улсын парламентын байранд нэвтрэн оржээ.
Тэд барилгын гадна ханан дээр эсэргүүцлийн уриа, авлигын эсрэг зурагт хуудас нааж, цонхнуудыг нь эвдэлсэн байна.
Катманду хотод байрлах төрийн байгууллагуудын төв болох Сингха Дурбар хэмээх томоохон цогцолбор ч мөн жагсагчдын довтолгоонд өртсөн. Энэхүү цогцолбор дотор Ерөнхий сайдын албан өрөө байрладаг бөгөөд тус байранд мөн адил халджээ.
Энэхүү жагсаал тус улсын Засгийн газар нь сошиал медиа платформуудыг хаах шийдвэр гаргаснаас үүдэлтэй бөгөөд “GenZ” үеийнхэн эхлүүлжээ. Тус улсад нийгмийн давхаргын ялгаа үүсэж, авлига цэцэглэж, эрх мэдэлтнүүдийн тансаглал иргэдийн бухимдлыг төрүүлж нийгмийн сүлжээнд давлагаа үүссэн байна. Иймд Засгийн газар нь дээрх шийдвэрийг гаргасан аж.
Одоогоор жагсаалд оролцсон 20 гаруй хүн нас бараад байгаа бөгөөд иргэд Засгийн газрын ордон болон шүүх, зарим сайд нарын гэрийг шатаагаад байна. Мөн зарим сайд нар иргэдийн дайралтад өртжээ.






