Харүмафүжи Д.Бямбадорж: Над шиг хэцүү, гомдолтой байдалд хүмүүсийг бүү ороосой гэж бодоод түргэний машин хандивлах болсон

Харүмафүжи Д.Бямбадорж эх орондоо 31 дэх түргэн тусламжийн машинаа хандивлалаа Тэрээр 2008 оноос эхлэн Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” Төрийн бус байгууллагатай хамтран бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалтаар ашиглах түргэн тусламжийн машиныг Монгол дахь эмнэлгүүдэд хандивладаг болжээ.
Их аварга Д.Бямбадорж “Миний аав цагдаа хүн байсан. 2006 онд ажлаар Говь-Алтай явчхаад буцах замдаа Өвөрхангай аймгийн ойролцоо автомашины ослоор бурхан болсон. Тэр үед би 22 настай, ид барилдаж байсан үе. Ослын дараа аавтай минь цуг байсан хүмүүсээс болсон зүйлийн талаар асуухад хээр талд осолдсон учраас замын унаанд суугаад эмнэлгийн тусламж авах гэж маш их цаг алдсан гэж ярьдаг. Хэрвээ Японых шиг бүх тоног төхөөрөмжтэйгөө түргэн тусламжийн тэрэг байсан бол миний аавыг аврах байсан байхдаа гэж дотроо их боддог. Ингээд 2007 оноос хойш над шиг ийм хэцүү, гомдолтой байдалд хүмүүсийг бүү ороосой, нэг ч гэсэн хүний амь нас аврагдаасай гэж бодоод эх орныхоо эрүүл мэндийн салбарт түргэний машин хандивлах болсон”
хэмээн ярьжээ.






