Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Батлагдсан тохиолдол нь нас барсан тул 88 хүнийг тусгаарлаж, 34 хүнээс шинжилгээ авчээ. 22 хүний хариу эерэг гарсан байна.
Иймд өнөөдөр аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд энэ сарын 8-наас буюу маргаашаас энэ сарын 15-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Ингэснээр Мөрөн, Цагаан-Уул сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг, үзвэр үйлчилгээг өчигдөр 23.00 цагаас есдүгээр сарын 14-ний 23.00 цаг хүртэл зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэх, мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах хөдөлгөөнийг зогсоож, зах худалдаа үйлчилгээ, баар лоунжийн үйл ажиллагааг 72 цагийн хугацаатай тус тус зогсоож байна гэлээ.
Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Энэ үеэр Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээлэл өглөө.
Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр:
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор, тусгаарлагдаж байгаа 88 иргэн байна. Анх 9 дүгээр сарын 04-нд тарваган тахлын өвчлөл батлагдах үед 91 хавьтлыг тусгаарлаж эмнэлгийн хяналтад авч хариу арга хэмжээг авч ажилласан.
Батлагдсан анхны тохиолдол нас барсан. 2 тохиолдол хавьтагч хяналтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй учраас хяналтаас гаргасан. Өнөөдрийн байдлаар 88 иргэн эмнэлгийн хяналтад тусгаарлагдаж эмчлэгдэж байна.
Өчигдөр шөнө ойрын хавьтлын 34 хүнээс сорьц авч шинжлэхэд 22 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 4 хоногийн өмнө хийгдэж байсан шинжилгээг баталгаажуулах зорилгоор давтан 34 сорьцыг шинжилснээс 22 сорьц PCR шинжилгээгээр эерэг гарсан.
Энэ 22 эерэг гарсан тохиолдол бол бүгд эмнэлгийн хяналтад байгаа. Сорьцод эерэг илэрсэн тохиолдлуудын 14 нь эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн ажилтнууд байна. 4 тохиолдол нь ар гэрийн ойрын хавьтлаас илэрсэн.
Эдгээр иргэд тарваган тахлын шинж тэмдэг болох халуурах, гүйлгэх, хоолой сэрвэгэнэж ханиалгах шинж тэмдэггүй байна.
Анхны батлагдаж нас барсан тохиолдол аймгийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа оношлогдож эмчлэгдэж байгаад нас барсан. Ийм учраас эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан ажилтан албан хаагчид нэлээн хавьтал болсон. Тийм учраас бид эмнэлгийнхээ халдварын дотоод нөхцөл байдлыг бүрэн хяналтад авч ногоон бүс болгож эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаашид тогтвортой хүртээмжтэй хүргэх зорилгоор онцгой комисст санал оруулж хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Мөн Галт сумаас тарваганы мах хүнсэндээ хэрэглэсэн гэх нэг иргэний сорьц PCR шинжилгээгээр эерэг бүртгэгдсэн. Энэ Галт сумаас тарвага идсэн иргэн нэгдүгээр хавьтлын 88 иргэн дотор хяналтад байгаагүй гэв.